card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН
ЕСӨНЗҮЙЛ СУМ

              Тус сумыг "Есөнзүйл" гэдэг газрын нэрээр нэрлэжээ.Энэ газар бол Жавзандамба Хутагтын монголд тодорсон анхны дүр Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээн Их Занабазарын мэндэлсэн Өлгий, Халхчууд эрт дээр үеэс уламжилан тахиж ирсэн нутаг II, III, IҮ Жавзандамба хутагтууд энд заларч байсан ариун дагшин газар гэдгийг түүх нотолдог. Харин энэ газарт яагаад юуны учир "Есөнзүйл" гэдэг нэр анх хайрласан юм бол? "Есөн" өнгийн цэцэг ургаснаар уу? "Есөн" булаг нийлж урссанаар уу? гэдэг домог одоо ч тайлагдаагүй. Бас Есөнзүйл юм уу? Усанзүйл юм уу? гэдэг яриа ч байсаар ирсэн. Түшээт хан аймгийн Илдэн бээлийн хошуу нь анх 1705 онд нутаг хошуу хувиарлалтаар Цогт Хун тайж /Номгон/-ы их хүү Сутай-Илдэн ноёнтой байгуулагдаад тэр 13 зэрэг залгажээ. Сүүлд нь энэ хошуу Сайн Ноён Хан аймагт харъяалагдах болсон байна. 1922 онд Бээлийн хошуунд сумд шинээр байгуулагдан Өлзийт, Есөнзүйлийг харъяалсан Дэлгэрэхбулаг гэдэг сум анх үүсэж дарга нь Я.Ёндон болжээ. Есөнзүйл сум бие дааж анх 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Өлзийт уулын хошуунд 150 өрх, 798 хүн, 3218 бодын хөрөнгөтэй "Есөнзүйл" нэртэйгээр байгуулагдсан тухай түүхэн баримт бий.

             Энэ сумын анхны шавийг тавьж галыг асаасан тэр үеийн ихэс дээдэс, өтгөс буурлууд болон тухайн үед хошуунд ажиллаж байсан Хэргэм зэрэгтнүүд тус суманд "Есөнзүйл" хэмээх их түүхэн газрын нэрээр нэр хайрласан нь ихээхэн ухаан зарсан учир холбогдол төгс үйлс болжээ.Тус сум байгуулагдаад 80 гаруй жил болсон ч Улсын Бага Хурлын тэргуүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот тогтоолоор Өвөрхангай аймгийг Цэцэрлэг мандалын аймгаас салгаж 31 сумтай байгуулахад тус сум шинэчлэн байгуулагдаж "Тахилга"-ны I багийн нутаг Шувуутын голын зүүн хойно орших Улаан эргийн тэгш сайхан дэнж дээр анх төвлөрсөн юм. Тус сум 1957 онд татан буугдаж Ардын Их Хурлын зарлигаар 1959 онд дахин байгуулагдахдаа Зүүн Хайрханы ар "Мөнхбулаг" гэдэг газар шилжин байрласан. Есөнзүйл гэдэг нэрийг хэсэг хугацаанд "Зүйл" гэж нэрлэж байсныг Улсын Их Хурлын тогтоолоор дахин Есөнзүйл нэрээр нэрлэх болсон юм.